Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын дарга, тэргүүн комиссар Мин Габ-Рионгийн урилгаар Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй алба хаагчид 2019 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд тус улсын Сөүл хотод зохион байгуулагдаж байгаа “Цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа-Дээд хэмжээний уулзалт”-д оролцож байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар, ОХУ-ын ДХЯ, БНХАУ-ын НАХЯ, Канад, ХБНГУ зэрэг дэлхийн 30 гаруй улсын цагдаагийн байгууллагын дарга, удирдлагууд оролцож байгаа бөгөөд олон улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно.
Ажлын айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар, БНТУ-ын Цагдаагийн ерөнхий газрын дарга нартай хоёр талт уулзалт хийж, 2020 онд хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар харилцан санал солилцож, зөвшилцөлд хүрэх юм.
Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Солонгосын цагдаа- Дэлхийн үзэсгэлэн 2019” арга хэмжээнд оролцож, терроризм болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг ашиглан үр дүнд хүрч буй туршлагатай танилцана.
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ