Цаг үеийн мэдээ

Тус газарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Ахмадын байр”-ны оршин суугчдыг төлөөлж ахмад настан С-ээс 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр “Орон сууцны үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг чанаржуулах, арчилгаа болон ашиглалтын урсгал засварыг хийлгэх, өөрсдийн амьдарч буй түрээсийн орон сууцыг өөрийн нэр дээр өмчлөн авах” гомдол мэдээллийг ирүүлсэний дагуу газар дээр нь очиж шалгалт хийлээ.
“Ахмадын байр” орон сууцыг 2013 оноос ахмад настнуудад түрээсэлж ирсэн бөгөөд тус хоёр орон сууцанд Монгол улсын ардын жүжигчин, гавьяат жүжигчин гээд улс эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж ирсэн 300 гаруй ахмад настан, азай буурлууд амьдарч байна.


Орчин нөхцөлтэй газар дээр нь очиж танилцахад орон сууцны дотор талын хана цууралт үүссэн тул салхи сийгдэг, гадна талын хананы дулаалгыг тогтоосон төмөр дотор ханаруугаа нэвтрэн ил гарсан зэрэг нөхцөл байдалтай байна. Мөн байрны жижүүр, хаалганы нэвтрэн орох код байхгүйгээс орон гэргүй болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд олноор цуглах, хонох зэргээр ая тухтай амьдрахад нь хүндрэл учруулж байна.


“Ахмадын байр”-нд оршин суугч ахмад настнууд ОНӨААТҮГ-тэй тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээнд зааснаар хөлслүүлэгч талаас “...тухайн байранд оршин суух хэвийн нөхцлийг хангах, стандартын шаардлага хангасан орон сууцыг хүлээлгэн өгөх”, “...орон сууцны байр, сантехникийн болон бусад инженерийн тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ, засварыг тогтоосон журмаар хийж ашиглалтын хэвийн ажиллагааг хангах” үүрэгтэй байна.


Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасан байдаг.


Иймд тухайн байранд оршин сууж байгаа ахмад настануудын оршин суух, амьдрах ая тухтай нөхцлийг хангах, орон сууцны үйлчилгээний чанарыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч, ахмад настнуудын гомдол мэдээллийг шийдвэрлэж ажиллах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох байгууллагуудад хугацаатай албан бичгийг хүргүүлэн хяналт тавьж ажиллалаа.

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨЛӨӨ ГАЗАР

Таны сурталчилгаа