Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эмч нарын VI их хурал” болж байгаатай холбогдуулан хуралд оролцогчдод илгээлт хүргүүлж, зарим төсөл, хөтөлбөрийг салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд дахин санал болгож, ажил хэрэг болгохыг чиглэл болголоо.

Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа уншиж сонордууллаа.

"Эрхэм эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн докторууд, ахмад ажилтнууд, хүндэт зочид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монголын төрөөс ард иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримталж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулахын тулд анагаах ухаан, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тэргүүн эгнээнд тавих учиртай.

Өнөөдөр Монгол Улс зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээж, санаа зовоож байна. Төрийн түвшинд бодлого алдагдсан нэг жижиг асуудал ард иргэдийн амьдралд олон мянган том асуудал болж очдог. Ялангуяа төрөөс иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг онцгой анхаарч, цаг алдалгүй шуурхай засаж залруулж байх ёстой.

Монголын эмч нарын их хурлаар салбарын хөгжил, шинэчлэлийн чиг хандлага, тулгамдсан олон асуудлын шийдлийг тодорхойлж, санал бодлоо цэгцлэн, нэгдсэн нэг ойлголтод хүрснээр цаашид асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрыг шахаж шаардаж, хамтран ажиллана гэж найдаж байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын хэрэгцээ шаардлага, амьдрал ахуйг орхигдуулбал эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого өрөөсгөл болно. Гэтэл бид хүн ардын эрүүл мэндийн манаанд зогссон эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллах боломж нөхцөл, нийгмийн баталгаагаар хангалгүй, эмзэг байдалд байлгасаар удаж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн ажлаа хийж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч, тэр дундаа эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдэнд тохирсон орон сууцны зээлийн бодлого бий болгох, “Орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхийг санал болгож, нэн яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газраас удаа дараа шахаж шаардсаар байгаа хэдий ч шийдвэр гаргах улс төрийн зориг, эрмэлзэл хүсэл гүйцэтгэх засаглалд дутагдалтай байгаа нь харамсалтай.

Дээрх саналуудыг Монголын мянга мянган эмч нарын төлөөлөл хуран цугласан их хурлын индрээс энэхүү илгээлтээр дамжуулан салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд дахин санал болгож байгааг хүлээн авч, ажил хэрэг болгохыг чиглэл болгож байна.

Сүүлийн үед үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжтай оношилгоо, эмчилгээний төв, эмнэл зүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц их сургуулийн эмнэлэг, амаржих газар гээд эрүүл мэндийн салбарт шинэ жишиг болохуйц тулгуур төвүүд нэмэгдэж байгаа нь туйлын сайшаалтай.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэх гол хүчин зүйл бол эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд билээ. Анагаахын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт дэвшил, үсрэнгүй хөгжил, шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи Та бүхнээс байнга сурч боловсрох, ур чадвараа дээшлүүлж, туршлагаа нэмэгдүүлж байхыг шаардах болно.

Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, тасралтгүй сурч мэдэх, энэрэх сэтгэлээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тууштай зүтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

 Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Таны сурталчилгаа