Цаг үеийн мэдээ

            ЖДҮХС-гийн дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан “Капитал” банк эргэн төлөлтөө тус санд өгөхгүй байгаа талаар “Баялаг бүтээгчдийн холбоо” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тодруулбал энэ асуудлыг засгийн газар нууц хуралдаанаар оруулж, хэлэлцээд гэрээний алданги 13 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон байна.

            Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авснаар энэ санд булхай үүсэж улмаар иргэд тухайн сангийн үйл ажиллагаанд эргэлзэх болсон. Тэгвэл баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос арай гэж сайжирсан эрх зүйн орчинг ахиад үгүй хийх гэж байгаад харамсаж санал хүсэлтээ 75 гишүүнд уламжилсан байна.

            Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан төрийн өндөр хамгаалалтанд орж, иргэд ч үүнд хяналт тавьдаг болсноор арай гэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдан үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой болсон ч харамсалтай нь тухайн санг тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу том сантай нэгтгэснээр энэ санд төвлөрөх төсөвийг улам багасгах нөхцөл болохыг дурьджээ. Мөн энэ янзаараа төрийн тусгай сангийн хууль хэрэгжиж эхэлвэл дахиад л жижиг дунд үйлдвэрлэлээ хавчин гадуурхах нөхцөл болохыг анхааруулж байлаа.

            Өөрөөр хэлбэл 2018 онд 99,5 тэрбум төгрөг, 2019 онд 47 тэрбум төгрөг тухайн сангаас гарсан байдаг. Энэ төсөв багассан ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд том боломж олгодог. Гэтэл дөрөвхөн сарын өмнө баталсан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хуулинд дахин өөрчлөх гэж байгаа нь баялаг бүтээгчдийг эсэргүүцэхэд хүргээд байна.

 

Таны сурталчилгаа