Цаг үеийн мэдээ

“Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан” эхэллээ.

Хуралдаанд ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Денисов Илья Павлович тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

ОБЕГ-ын тэргүүн дарга, бригадын генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ, “Хоёр байгууллагын хамтарсан комиссын хуралдаан тогтмолжиж, 2017 онд Оросын Холбооны Улсын Москва хотноо 16 дугаар хуралдааныг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган ажилласан та бүхэнд талархлаа илэрхийлье. Уг хуралдааны үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ОХУ-ын Онцгой байдлын яамны зүгээс онцгойлон анхаарлаа хандуулсан  бөгөөд хил болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэсэн. Энэ жилийн хуралдаанаар хэлэлцээрийн үр өгөөж, ач холбогдлыг улам нэмэгдүүлж, хамтын ажиллагааг баяжуулан гүнзгийрүүлэхэд энэхүү хамтарсан комиссын хуралдаан зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Хамтарсан хуралдаанаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв болон Монгол Улсын ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэж байна.

Мөн “Таван бүсийн Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа