ХЯТАД ЭМЧ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙХИЙГ ЗАВДЖЭЭ
10 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах "Жаргалант апартмент" хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ. Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй буюу зөвшөөрөлгүй 21 төрлийн 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, 48 төрлийн кг, үнэ, хаяг тодорхойгүй тан, талх, үрлэн эмийг ашиглахаар зэхэж байсныг хураан авсан байна.