Монгол улсад мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг Нигерийн иргэдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард баривчлан, эд мөрийн баримт 500-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх бодисыг нь хураан авчээ. Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэй нарыг баривчилсан. Тэдэнд холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад Нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Тус газраас Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн "Улсын хилээр мансууруулах эм, нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн", 20.7-2 дахь хэсэгт заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Харин өнөөдөр буюу 11 сарын 8-ны 13:30 минутад тус анхан шатны шүүх хуралдаан болсон ч, дахин хойшилж 12 сарын 02-нд 10 цагаас хуралдахаар болсон байна.
Манай улсын 18.5-3-т заасны дагуу "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол" арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7-4-р зүйлд заасны дагуу "Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулдаг байна.