Цаг үеийн мэдээ

           Монголын үндэсний фронт хөдөлгөөн 11-р сарын 8-ны өдөр "Эх орон дуудаж байна" тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд өрнүүлж, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад шаардах хуудсыг хүргүүлсэн билээ. Гэтэл жагсаалын дараагийн өдөр Монголын үндэсний фронтын удирдах зөвлөлийн хурлын үеэр фронтын тэргүүн Хошууч генерал Б.Баярмагнай "Ар гэрийн асуудлаар" фронтоос хөндийрч байгаа хэмээх мэдэгдлийг хийн тамга, тэмдэгээ хүлээлгэн өгсөн байна. Монголын үндэсний фронт 11-р сарын 12-нд цаг үеийн асуудлаар хийсэн мэдэгдлийн үеэр Дэд тэргүүн Н.Батсайхан  "Энэ бол нэг хүний асуудал биш, монголын нийт ард түмний хувь заяаны асуудал яригдаж байгаа учраас хүлээцтэй байх ёстой" гэсэн шаардлага тавихад, Генерал Б.Баярмагнай "Бодож үзье, гурав хоногийн дараа уулзаад дараагийн үйл ажиллагааны талаар зөвлөлдье" гэсэн боловч  тэрээр фэйсбүүк хуудаснаа "Миний бие ар гэрийн шалтгаанаар "Монголын Үндэсний фронт"-ын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа" хэмээн бичжээ.

            Энэ талаар Фронтын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат ийнхүү "Бидний 11 хүн хэзээ ч ухрахгүй, ард түмнийг гэмт хэрэгт дуудахгүй, засгийн эрхийг ард түмэнд авч өгнө гэж амлалт өгсөн. Гэтэл Б.Баярмагнай, З.Болдбаатар нар үүргээ умартсан учир бид фронтоос хөөсөн. Эдгээр хүмүүс дахин монголын төлөө үг хэлэх эрх байхгүй. Удирдах зөвлөлийн гишүүн ийм хариуцлагагүй байж болохгүй" гэлээ. Ийнхүү тэд Монголын үндэсний фронтын тэргүүнээр олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгосон байна. Шинэ тэргүүн Ш.Гантулга үндэсний фронт хагарч, задраагүй гэдгийг мэдэгдэж,  “Аймхай хулчгар амьтад нь зугтааж, үнэнч шударга зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлго. Би Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ. 11-р сарын 15-нд зарласан жагсаалыг хийх болно” гэдгийг хэллээ.

 

 

Таны сурталчилгаа