Булган аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон осол /2019.11.09/ гарчээ. Тодруулбал Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Оросын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 41 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 64 км-т/ Булган аймгаас Орхон аймгийн чиглэлд иргэн У-гийн /38 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ жолоодож явсан “Аксент” загварын суудлын машин онхолджээ. Ослын улмаас автомашинд зорчиж явсан иргэн төмөр хийцэд дарагдаж нас баржээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч ажиллаж автомашины хөдөлгүүр хэсэгт дарагдсан байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат У /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.