УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн байна. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан. Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье. Энэхүү үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд саналыг гар өргөж баталгаажуулсан юм.
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм.