Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ залуу үеийн хандлагыг эерэгээр өөрчлөх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Авлигын эсрэг 2019” чуулганыг Авлигатай тэмцэх газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагатай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Шударга ирээдүй рүү тэмүүлсэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох хүсэлтэй залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийтийн хяналт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар санал туршлагаа солилцов. Түүнчлэн цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, өөрчлөх боломж болон цахим шийдлийг танилцууллаа. Чуулган үндсэн 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт нийгмийн салбар бүрээс оролцсон мэргэжилтнүүд авлигын эсрэг хийсэн кампанит ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр дараах илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэв:

  • “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн менежер С.Тэнгис “Цахим эрин ба Монгол Улс: Өнөөдөр, маргааш...” сэдвээр;
  • ICT групп компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Блокчэйн, хиймэл оюун ухааны технологи: Авлигын тогтолцооны эсрэг” сэдвээр;
  • ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D) Г.Зориг “Технологи ба дижитал эдийн засаг” сэдвээр;
  • “Мандал даатгал”-ын ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг “Хөрөнгийн зах авлигын эсрэг механизм болох нь” сэдвээр;
  • IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Минжирмаа “Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс” сэдвээр;
  • “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер, хуульч Ж.Майзориг “Монголын анхны робот хуульч Агирэ” сэдвээр;
  • Дэлхийн банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан “Нийгмийн эгэх хариуцлага: Иргэдийн оролцоо, орон нутгийн туршлага” сэдвээр;
  • “Транспэрэнси Интернэшнл Бангладеш” байгууллагын Иргэдийн хяналт, оролцоо хариуцсан захирал Фархана Фердоус “Авлигын эсрэг сайн туршлага: Иргэдийн бүлэг” сэдвээр;
  • Орхон аймгийн НД-ын хэлтсийн дарга Г.Анар “Авлигын эсрэг сайн туршлага: Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ” сэдвээр;
  • “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ-ын тэргүүн Г.Батдорж “Ил тод байдал: opendatalab.mn” сэдвээр;
  • “Номадик контент”-ийг үүсгэн байгуулагч Г.Гантуяа “Хүн бүр авлигач биш” сэдвээр;
  • Япон судлаач Д.Төмөрбаатар “Иргэний үүрэг ба соёл” сэдвээр;
  • Жүжигчин Б.Амарсайхан “Иргэдийн хяналт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Чуулганы 2 дугаар хэсэгт авлигын эсрэг аливаа үйлсэд иргэдийн оролцоо, тэдгээрийн үүрэг, хяналт, ил тод байдлын талаар ярилцлаа. Авлигын эсрэг чуулганы үеэр төрийн үйлчилгээний танилцуулга бүхий үзэсгэлэнгийн танхимд төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцуулсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв.

 

 

Таны сурталчилгаа