Хөдөө орон нутагт төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвт суулгадаг. Харин энэ мөнгийг үр ашиггүй зарцуулах тохиолдол орон нутагт их байна. Хөвсгөл аймгийн Рашаант сумын эмнэлэгт их засвар хийх шаардлагатай болж тойргийнхоо гишүүнээр дамжуулан 2019 оны төсөвт 150 сая төгрөг суулгасан аж. Улмаар орон нутагт засварын ажлын тендэр зарлаж "Агар Эрдэнэс" компани шалгарсан юм байна. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл эмнэлгийг хүлээлгэж өгөөгүй буюу засварын ажил нь дуусаагүй байгаа аж.
Засвар эхэлмэгц эмнэлгийн барилгыг суллаж сумын эмнэлэг гэр барин өвчтөнүүдээ хүлээн авч байжээ. Зарим тохиолдолд шууд хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү өвчтөнүүдийг шилжүүлж байсан байна. Засварын дуусах хугацаа аль хэдийнэ өнгөрсөн ч хананд нь будаг түрхэхээс өөрөөр ажил урагшлаагүй дүр зурагтай байгаа юм. Энэ мэт төсвийн хөрөнгө оруулалтыг чанаргүй гүйцэтгэлээр үрэн таран хийж, иргэдийг хохироож байгаа явдал орон нутагт мэр сэр гарсаар байна.