Таван толгой компаний үйлдвэрчний эвлэлийн хороо 340 мянган тонн нүүрс алдасан асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хууль шүүхийн байгууллагаас батлагдаагүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гаргасан нь "Таван толгой" компанийн ажилчид цалингийн нэмэгдэл урамшууллаа авч чадахгүйд хүрч байна гэж үзэж байна. Таван толгой компани нь 169 га талбайд нийт 180 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуудаг. Тус компаниас 340 мянган тонн нүүрс алдагдсан нь холбогдох байгууллагуудаар эцэслэн батлагдаагүй байхад цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алдагдсан гэх мэдээлэл гарч байгаагаас үүдэн уурхайчид хохирч байна хэмээн тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хороо мэдэгдлээ. Цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус компанийн нэр хүндэд халдаж хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад мэдээлэл түгээж байгаа нь нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унагаах зэрэг сөрөг үр дагавар бий болгож байна гэлээ. Дээрх байдлаас үүдэн холбогдох байгууллагуудын хяналт шалгалтаар компанийн үйл ажиллагаа тасалдсан бөгөөд өнгөрсөн онд 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулан улсын төсөвт 18 тэрбум төгрөг төвлөрүүлэн ажиллах боломжийг алдагдуулсан нь жирийн ажилчдын цалин хөлс, урамшуулалд шууд нөлөөлж байгааг хэлсэн юм.