Их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан дипломатч Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт ХБНГУ-ын шүүхээс 9 жилийн ял төлөвлөжээ. Харин тэдний өмгөөлөгч төлөвлөсөн ялыг 3 жил болгон бууруулах хүсэлт гаргаад байгаа тухай мэдээлэл гараад байна. Шүүх хурал өнөөдөр болох тов гарсан. Хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Монгол улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 18 наас хэлэлцэж эхэлсэн билээ. 3 сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи тээвэрлэж явсан манай улсын дипломатч Б.Баттүшиг өнгөрсөн Сард болсон шүүх хуралд өөрийгөө тагнуулын ажилтан, тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан гэх утгатай мэдүүлэг өгсөн байна. Түүнийг Үнэхээр нууц ажиллагаа явуулж байсан эсэх талаар гадаад харилцааны сайд Цогтбаатараас тодруулахад тусгай байгууллагуудын хянах асуудал гэж тайлбарлалаа.
Их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан хэрэгт холбогдоод байгаа Б.Баттүшигийн унаж явсан авто машин нь ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Монгол улсын дипломатч , бүртгэлгүй автомашин унаж, хар тамхи зөөвөрлөсөн хэрэг ХБНГУ-ын хэвлэлүүдийн анхаарлыг татаад байна.
Монголын дипломат ажилтнууд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж яваад ХБНГУ-д саатуулагдсан талаар өнгөрсөн 6 дугаар сард ТЕГ-аас олон нийтэд мэдээллэсэн. УДШ-ийн шүүгчээр ажиллаж байсан Бат-Эрдэнийн хүү Б.Баттүшиг нь тагнуулын байгууллагад ажиллаж Гадаад харилцааны яамнаас Истанбул руу томилогдсон юм. Хэрэгт холбогдож, улсынхаа нэр хүндийг унагасан дипломатчдад ямар хариуцлага хүлээлгэх талаар гхя-ны консулын газрын захирал Мөнхтүшигээс тодруулахад одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.