Улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлгийг зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, хүний эрхийн комисс, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллага зэрэг төрийн болон ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар, ДОХ-ын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцууллаа.
Уг танилцуулгад 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл нийт халдварт өвчний 38 хувийг эзэлж, тэмбүү өвчний тохиолдлын тоо нэмэгдсэн байгаа нь тус яамнаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр: тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүн бөгөөд өвчтэй илэрсэн иргэдийг үнэ төлбөргүйгээр, хувь хүний нууцыг чанд хадгалан эмчилж байгаа тухай дурдлаа. Мөн 1992 оноос хойш 281 хүн ХДХВ-ийн халдвартай оношлогдсон, 44 тохиолдол нас барсан, нийт тохиолдлын 22.6 хувь нь анх оношлогдохдоо ХДХВ-ийн халдварын 4 дүгээр үе шат болох ДОХ-ын шатандаа оношлогдсон буюу эмнэлгийн тусламж үйлчилгээнд оройтож хандсан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Амартуул уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан ажиллагсдын эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, цаашид ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах нь чухал байгааг тэмдэглэсэн.
Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, эмэгтэй биеэ үнэлэгч олон нийтийн дунд зохион байгуулж байгаа ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааны талаар “Залуус эрүүл мэнд төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж танилцуулан, эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажилладаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг төрийн байгууллагуудад уриаллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид бэлгийн замаар дамжих халдварын өвчлөлийн бууруулахад өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг өгөөжтэй үр дүнтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, хувь хүний эрүүл мэнддээ анхаарах анхаарлыг нэмэгдүүлэхтэй холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулах, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг хүн амын бүлэг, олон нийтэд БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээг хүргэхэд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал болох талаар санал солилцов.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдварын өвчлөлийг бууруулах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн асуудал нь ажил олгогчид, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд байх асуудал бөгөөд залуучуудад гэр бүлээрээ амьдрах нөхцөл бололцоог хангаж өгөх талаар ажил олгогчидтой хамтран ажиллах нэн тулгамдаад байгааг цохон тэмдэглэсэн.