Хүхэрлэг хий 2019 оны 12 дугаар сарын байдлаар 65 хувиар өссөн нь 2018 оныхтой харьцуулахад 2-3 дахин их гарчээ. Энэ тоо хэдийнэ аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн ч бид нүд балай чих дүлий суусаар л.
Гадны улсуудад агаарын чанарыг тогтмол шалгаж, хэрвээ хүхэрлэг хий өссөн үзүүлэлттэй гарвал тэр өдрүүдэд нь агаарын санамж гаргаж, хүмүүсийг гадуур гарахаас аль болох зайлсхийхийг зөвлөдөг. Мөн цэцэрлэг, сургуулиуд хаалгаа барьж, астма болон амьсгалын замын өвчтэй хүмүүстээ онцгойлон анхаарал хандуулдаг гэнэ.
Үүнээс харахад хүхэрлэг хий маш хортой гэдэг нь тодорхой байгаа юм. Хүхэрлэг хий нь эрүүл дараах байдлаар нөлөө үзүүлнэ.
Хүхрийн давхар исэл нь хамар, хоолой, амьсгалын замыг цочроодог. Хүхэрлэг хийтэй агаараар амьсгалахад ханиалгах, хамар, хоолой, уушги шатаж байгаа юм шиг мэдрэмж төрөх, амьсгал давчдах, цээжний эргэн тойронд хүчтэй өвдөх шинж тэмдэг мэдрэгдэнэ. Хүхрийн давхар ислийн нөлөө маш хурдан илэрдэг бөгөөд энэ хийгээр амьсгалаад 10-15 минутын дараа л хүний биед нөлөөлж эхэлдэг байна. Амьсгалын замын өвчтэй, эсвэл астматай хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд хүхэрлэг хийн 90 орчим хувь нь амьсгалын дээд замд шингэж гуурсан хоолойг үрэвслүүлнэ. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд хүхэрлэг хийнээс хордох магадлал өндөр байдаг гэнэ. Хүхэрлэг хий урт хугацааны туршид хүний биед аажмаар нөлөөлөхдөө толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг мэдрүүлнэ. Улмаар хүний биеийн уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. РМ 2.5 тоосонцортой хавсарсан тохиолдолд уушгины эдийг түлэх хүртэл аюулыг дагуулдаг байна.