Цаг үеийн мэдээ

            2019 оны 10-р сарын дундаас эхлэн Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумаас 48 үхэр, нэг адуу алдагдсан хэрэг 12-р сар хүртэл хэд хэдэн удаагийн үйлдлээр гарчээ. Булган аймгийн цагдаагийн газар, Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг, иргэдийн оролцоотойгоор гэмт этгээдгийг 1-р сарын 20-ны өглөө баривчилсан байна.

            Булган аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гаргаж, иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг нягталж, Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран хулгайн сэжигтнийг олж тогтоосон байна.

            Сэлэнгэ аймгийн Цагаануур сумаас сэжигтнийг барьж саатууллаа. Өр шир ихтэй, амьжиргаа хүнд гэсэн шалтгаанаар 150 гаруй км зайтай орших Хангал, Сэлэнгэ сумаас удаа дараа мал хулгайлж нийтдээ 49 тоонд хүрсэн байна. Идшинд, зарж борлуулж, 31 тооны үхрийг ченжэд өрөнд өгснийг нь Цагааннуур сумын Нүхтийн аманд малчны хотонд байхыг нь илрүүллээ.

            Сэжигтэн Б-д малаа алдсан өрхийн тоо одоогоор зургаа байна. Цагдаагийн байгууллага цааш нь нялталж шалгахаар ажиллаж байгаа юм. Сүүний дөрвөн тугалтай үнээний гурвыг нь хулгайлж, хот харлуулсан айл байхад алдсан малаа тоо ёсоор нь буцаан авч, талархан үлдсэн малчин өрх ч тэдний дунд байна.

            Малын хулгайтай тэмцэхэд ганц төрийн байгууллага хүчгүйддэг учраас төрийн хамгаалалтанд байх ёстой мал сүргийг иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоотой илрүүлж болдог жишээ энэ боллоо.

            Хээрийн боохой мал сүргийн сул доройг нь сонгодог, харин сүүлгүй боохойнууд шимтэйг нь шилдэгээс болж малчдын хот харлаж байна. Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг малчдад сурталчлахгүй бол хууль мэдэхгүй гэж өөрийгөө хаацайлсан хар мөртнүүдээс шалтгаалан малчид хохирч байгаа юм. Өдөржин малынхаа араас дагасан малчид шөнийн бор хоногтоо амрах хооронд нь бэлчээрт байгаа бод малыг нь туугаад явдагыг малчид хэлж байна.

Таны сурталчилгаа