Цаг үеийн мэдээ

          Хуурамч түлш шатахууны улмаас үүсэж буй хор хохирлын талаар өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийлээ. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг химийн бодисууд ямар нэг татваргүйгээр хилээр орж ирдэг байна.  Энэ нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэх  гол шалтгаан болоод байна гэлээ.

            Монгол улсад импортоор орж ирж байгаа нэмэлт бодис, түлш шатахууны чанарын асуудлаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өмнө нь хуурамч гэдгийг мэдээлж байсан. Уг асуудлыг ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэмжээнд судалж шалгах ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл дүгнэлт, тодорхой шийдвэрүүдийг гаргаагүй, дээрх зөрчил дутагдал арилаагүй байна гэлээ.

            Түүнчлэн иргэд тээвэрчид, уул уурхайн компаниуд, хувийн болон төрийн байгууллагуудын техник, тээврийн хэрэгслүүд хуурамч шатахуун хэрэглэж эвдэрч гэмтэн хохирч байгааг хараад сууж байгаа төрийн байгууллагууд тэр дундаа сангийн яам энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг сангийн сайдаас шаардлаа. Дээрх хуурамч шатахууны асуудлаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна гэлээ.

            Цаашлаад жолооч тээвэрчид даатгуулж хураамж төлчихөөд үйлчилгээгээ авч чадахгүй байна гэлээ. Шийтгэл торгууль давхардсанаас болж иргэд, жолооч хохирсоор байна. Тиймээс даатгалын холбооны удирдах зөвлөлд даатгуулагчдийн төлөөллүүдийг оруулж хуулийг хэрэгжүүлэхийг шаардлаа.

Таны сурталчилгаа