Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ – 20.

       "Би Клэйртэй их сургуулийн гуравдугаар курсдээ танилцаж байсан юм. Миний анх удаа болзсон охин тэр байлаа. Би зөндөө хичээж зөндөө алдсан ч эцэст нь энэ мэдрэмжүүдийг маань хуваалцан солилцдог хэн нэгэнтэй болсон нь ер бусын санагдаж байлаа. Би ахлах сургуульдаа хүнд анзаарагддаггүй, нийлдэг найз нөхөдгүй сурагч байлаа. Бас спортоор хичээллэдэггүй байсан болохоор Клэйртэй уулзахаас өмнөх надад байсан ганц юм нь "толгой сайтай" л байлаа. Би үргэлж л сайн дүн авдаг байсан болохоор түүндээ бараг донтчихсон байв. Бүх зүйлийг төгс хийх гэж үздэг хүн болчихсон байлаа. Бүр А+ авч чадахгүй байх гэж бодсоны улмаас АP ангид (гүнзгий сургалттай анги) ч бүртгүүлдэггүй байсан юм.

      Хуулийн шилдэг сургуульд тэнцсэнийхээ дараа арай гэж нэг зөвтгөгдсөн мэт санагдаж байлаа. Сурлагаараа ангийнхаа эхний хэдэд ордог байв. Гэтэл төгсөх жилдээ Клэйр бид хоёр тэдний аав ээжийнд очиж явахдаа хурдны зам дээр том осолд орчихлоо.

      Би хагас ухаантай сэрлээ. Эмч нар миний тархины доргилтыг үзэх гээд зураг авахдаа хоргүй хавдар олсон гэнэ.

  

Дараагийн долоо хоногт нь тархины мэс засалд орохоор болов. Мэс заслын эмч надад эдгэхдээ зарим нэг ой санамжаа алдаж магадгүй гэж сануулж байсан ч байдал миний бодож байснаас хамаагүй дор байлаа. Би нэг асуултаа хэд дахин асууж байв. Заримдаа би өглөө ярьсан яриагаа орой санадаггүй байв. Тэгээд би хичнээн бэлдсэн ч "бар" (хуульч болох төгсөлтийн шалгалт) шалгалтандаа уначихлаа. Яахав дараа нь ямар ч байсан тэнцсэн ч гэсэн миний хувьд хүнд даваа байлаа.

  

     Сүүлийн 7 жил өөрийгөө хэвийн байгаа шүү, ухаалаг хэвээрээ шүү гэж итгүүлэх гэж тэмцэлдэж ирсэн. Харин Клэйр дэргэд минь яг л сахиусан тэнгэр шиг байсан юм. Надад үргэлж хэн ч төгс биш, хэн ч төгс байх албагүй гэдгийг байнга хэлж байлаа. Намайг сэтгэлээр унах бүрд тэр надад өөрийгөө хэвийн хүмүүстэй, дундажтай битгий харьцуул гэж хэлнэ. Намайг ухаантай болохоор аль эсвэл өмгөөлөгч болохоор надтай хамт байгаа биш, намайг сайн хүн болохоор, сайн аав болохоор хамт байгаа, тийм учраас ч тэр хайрыг нь хүртэх эрхтэй гэдгийг үргэлж сануулна. Клэйр намайг өөрийнхөө түүхийг ийшээ явуулахыг санал болгосон юм.

      Намайг тархины мэс заслын дараа "бар" шалгалтандаа тэнцсэн талаараа бусдад хуваалцаач гээд. Харин өнөөдөр бидний 8 жилийн ой. Би түүндээ үргэлж миний дэргэд байдагт нь баярлалаа гэж хэлмээр байна." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа