Өмнөговь аймгийн төвөөс зүүн зүгт 66 км, Цогтцэций сумын төвөөс хойд зүгт 34 км-т орших Цагаан Овоо багийн “Сүүж булаг” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй иргэн малдаа яваад сураггүй болжээ.
Тодруулбал, 38 настай, хөгжлийн бэрхшээлтэй малчин Э нь арваннэгдүгээр сарын 2-ны 18:00 цагийн орчим явганаар малдаа яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 3-ны 14:00 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид,
сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,
сумын цагдаагийн хэлтсийн алба хаагч,
сум дундын эмнэлгийн эмч,
ар гэрийнхэн арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 14:10 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан хайх ажиллагаа явуулжээ.
Нэг дүгээр бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас зүүн урд зүгт “Хар тээг” гэдэг газар хүртэл 23 км-т, хоёрдугаар бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас баруун хойд зүгт “Найман тооно”, “Шаравгын хоолой”, “Дугант” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ