Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулж байна. Нийслэлд 20 ААНБ-ын 82 халаалтын зуухны байршилд 202 халаалтын зуух түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй.
Энэ сарын эхний 3 өдрийн байдлаар “Ану сервис” ХХК, “Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Хоёулаа хүү” ХХК, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Монгол эко” мах ХХК, “Промон трейд” ХХК, “Ихэр шарангад” ХХК, “Элбэгдулаан” ХХК, “Биокомбинат” УТҮГ, “Зэвсэгт хүчний 326 дугаар анги” зэрэг 10 аж ахуйн нэгжийн 57 обьектын 127 халаалтын зуухыг хамруулан шалгаад байна.
Шалгалтын үеэр нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын нүүрсний нөөцлөлт, үнс, нүүрсний агуулах савны битүүмжлэл, камержуулалт хийгдсэн эсэх, агаар хамгаалах тоног төхөөрөмжийг ашиглах журмыг хэрэгжилтийг шалгах юм.
Эдгээр 10 аж ахуй нэгжийн 57 обьектод түүхий нүүрсний нөөц 4814тн, хоногт хэрэглэж байгаа нүүрсний хэмжээ 147 тн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ:НМХГ