Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяныг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 26 буюу “Улс тунхагласны баярын өдөр”-ийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.
Эх оронч сэтгэлгээ төрт ёсоо дээдлэх үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн дууллыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зааж сургах, дууллын агуулга, мөн чанарыг ойлгуулах, ерөнхий боловсролын сургуульд эгшиглүүлэх зорилго бүхий тус аян улсын хэмжээнд амжилттай үргэлжилж байгаа юм.
Аяны үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Төрийн дууллын мөн чанар, агуулга, түүхэн уламжлалын талаар ойлголт эзэмшиж, төрт ёс, тусгаар тогтнолоор бахархах үзэл төлөвшинө. Сурагчид төрийн дууллын үгийг бүрэн тогтоож, зөв дуулах чадвартай болно. Дуулал эгшиглүүлэх, хүндэтгэн хүлээж авах ёс журмыг даган биелүүлдэг болох зэрэг ач холбогдолтой аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан удирдамжийн дагуу аянд нийслэл болон орон нутгийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй оролцож байна.