Цаг үеийн мэдээ

Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажлын байрыг хадгалахтай холбоотойгоор олон талын төлөөлөл оролцуулсан бага хурал өнөөдөр /2020.11.05/ ШУТИС-ийн танхимд эхэллээ. Хуралд төрийн болон төрийн бус байгууллага, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, уул уурхайн болон бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд, сургалт, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн хурлыг “Ковид-19 ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” уриан дор МОШПА, ШУТИС, МҮЭ-ийн холбоо, ХНХДС, МАОЭНХ-ноос хамтран зохион байгуулж байгаа юм.

ХАБЭА-н орчны шинэчлэл, өөрчлөлт, зохицуулалтын шинэ мэдээлэл олж авахаас гадна Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБ-ын тэргүүн туршлагаас суралцаж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлдэг чухал арга хэмжээ хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Ажлын хувцас, хэрэгслийн үзэсгэлэн гарснаас гадна бүх орон нутгаас мэргэжилтнүүд онлайнаар оролцож байна.

Бага хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, аж ахуйн нэгж байгууллагуудын тэргүүн туршлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн түншлэгч байгууллагуудын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргах аж.

Таны сурталчилгаа