Төр нийгмийн нэрт зүтгэлтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрынхан 2020 оны онцлох уран бүтээл "ШИНОС" мюзикл бүжгэн жүжгээр аялан тоглолт хийхээр болжээ.
Тодруулбал, "ШИНОС" мюзиклыг 11 дүгээр сарын 30-нд Төв аймгийн Монгол туургатан тeaтрт, 12 дугаар сарын 2, 3-ны өдөр Улаанбаатар хотноо УДЭТ-ын тайзнаа тус тус тоглох юм байна.
"ШИНОС" нь Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа өөрсдөө зохиолоо бичиж, найруулан тавьж байгаа жинхэнэ монгол бүтээл гэдгээрээ онцлог. Энэ нь мюзикл болгон тавьж буйгаараа орон нутгийн театрын хөгжилд томоохон дэвшлийг хийж буй явдал аж.
Тус мюзикл уран бүтээлийн Ерөнхий найруулагчаар МУСТА С.Тогоомөнх, бүжиг дэглээч-балейтмейстрээр МУГЖ Ц.Алтанцэцэг, ерөнхий зураачаар Э.Түвшинбаяр, туслах найруулагчаар МУСТА Ч.Бямбаням нар ажиллажээ. Тус уран бүтээлд театрын найрал дуу, хөгжим, драм, бүжиг ангийн бүх уран бүтээлч, дугуйлангийн сурагчид оролцож байна.
Театрын урлагийн өвөрмөц өнгө аяс бүхий найруулга, бүжгийн дэглэлт, хувцас тайз засалт, хөгжмийн зохиомж зэрэг шинэлэг мэдрэмж, сэтгэл догдолсон мөч, шинэ сэргэг бүхнийг "ШИНОС" /Шинэлэг, Илүү, Нууцлаг, Онцгой, Содон/ танд мэдрүүлнэ.