ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ.
Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал:
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,
Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй байна.
Харин 4 дэх тохиолдол нь, COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Дөрөв дэх тохиолдлын хувьд: Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн "Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн, сувиллын ажиглалтад 1 хүн байна" гэсэн мэдээллийг өглөө.