МҮОНРТВ-ийн үйлдвэрчний эвлэл, уран бүтээлчдийн төлөөлөл Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж ард иргэддээ хандан мэдээлэл хийлээ.
МУСГЗ Ш.Гүрбазар: "Би 53 жилийн түүхтэй МҮОНТВ-д 40 жил ажилласан хүн. Өнөөдрийн энэ асуудалд албан тушаал,мөнгө төгрөг горилсондоо оролцож байгаа юм биш. Би 40 жил ажилласан энэ байгууллагадаа санаа зовохгүй байж чаддаггүй. МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийг өнөөдөр ярих ёстой. Ийм байдлаар удаан явж болохгүй. Хуулийг нь өөрчлөх ёстой. МҮОНТВ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм. Би “Та хариулахгүй байж” болно нэвтрүүлгийг хийснийхээ төлөө зочин урьсныхаа төлөө ялсан намын удирдлагуудад зануулж, ажлаас халагдахдаа хүртэл тулж байсан. Монголын ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. МҮОНТВ-ийн нийтлэлийн бодлого сүүлийн таван жилд бүрэн алдагдсан.
Юу хийх нь, яах нь тодорхойгүй том байшин байгаад байж болохгүй. Энэ байгууллагын ирээдүйг харахаар, бодохоор зүгээр суугаад байж болохгүй байна. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна. Энэ байгууллагын хөгжлийн тухай л санаа зовж ярьж байна" гэлээ.