Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан захирамж гаргаж үнийн хөөрөгдлийн талаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралайгаар ахлуулан байгууллаа.
Ажлын багийн гишүүдэд аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд багтсан байна.
Тус ажлын баг нь өргөн хэрэглээний барааны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн аж ахуйн нэг, байгууллага, иргэдэд хариуцлага тооцуулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлэх аж.
Ташрамд сануулахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн Цагааннуур боомтыг энэ сарын 2-ны өдрөөс түр хаасантай холбоотой Баян-Өлгий аймагт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдээд байгаа юм.