ЗТХ-ийн сайд Л.Халтар яамны газрын дарга нарын хамт өнөөдөр зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Мөн зам, тээврийн салбарт 2020-2024 онд хийж, хэрэгжүүлэх ажил, бодлого, чиглэлийн талаар танилцууллаа. Тэрээр ОХУ, БНХАУ-тай залгаа хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар бүрэн холбон тавьж буйг мэдээлэв. Тухайлбал, энд:
- Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Баянхошуу боомт хүртэл 160 км автозам,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Эрдэнэцагаан суман дахь Бичигтийн боомт чиглэл 277.3 км автозам,
- мөн Өмнөговь аймгийн Тавантолгойгоос Манлай-Ханги чиглэлийн 478 км автозам (нүүрс тээвэрлэх тусгай зориулалтын)-уудын бүтээн байгуулалт эхлээд буйг танилцууллаа. Эдгээр замыг тавих-ашиглах-шилжүүлэх байдлаар концессын гэрээгээр гүйцэтгэх аж.
Мөн Өмнөговийн Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн одоогийн хоёр урсгалтай байгаа 250 км автозамыг 4 урсгалтай болгохоор концессын гэрээгээр хөрөнгө оруулалтыг шийдээд буйг мэдэгдлээ. Мөн энд Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км автозам орж буй 9 том төслийг "Хилийн боомтуудыг авто замаар холбох" хүрээнд танилцууллаа. Нийт төслийн автозамын урт нь 1879 км болж байгаа аж.
Үүнээс 636.3 км автозамын ажлыг эхлүүлж, үлдэх 1360 км автозамыг бүрэн тавьж дуусгах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдлээ. Ингэснээр зорчих болон тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, эрдэс баялгийн экспорт нэмэгдэж, хил орчмын, тодруулбал, ОХУ, БНХАУ-тай харилцах аялал жуулчлал хөгжихөд том хувь нэмэр оруулна гэдгийг мэдээллээ.
Хилийн боомтуудыг холбох автозамын бүтээн байгуулалтад зам тавих үед нийтдээ 3080 түр ажлын байр, автозамуудыг тавьж, ашиглалтад оруулсны дараа 764 байнгын ажлын байр нэмэгдэнэ гэлээ.