Цаг үеийн мэдээ

Тайванийн мэргэжлийн хэвлэх машин үйлдвэрлэгч “Labelmen International” компани Тайваньтай дипломат болон нөхөрсөг харилцаатай улс орнуудын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэрэгт туслалцах ажлын хүрээнд 400 ширхэг нүүрний хаалтыг Монгол Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хандивлав.

Тус эмнэлгийн захирал Н.Лхажий, “Цар тахлын үеэр манай эмнэлэг олон улс оронтой цахим хэлэлцүүлэг зохион байгуулж Тайванийн голлох эмнэлгүүдтэй хамтарч ажилласан. Тайванийн эмнэлгийн технологи ба менежмент, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зэрэг салбараас суралцах зүйл их учир манай эмнэлэг Тайваньтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” хэмээсэн байна.

Өдгөө 55 жилийн түүхтэй “Labelmen International” компани зөөлөн сав баглаа боодол бүхий хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүн, цахим шошго хийхэд шаардах мэргэжлийн хэвлэх машин үйлдвэрлэдэг байна. Энэ удаа хандивласан нүүрний хаалт ч мөн адил тус компанийн үйлдвэрлэсэн цар тахлаас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүний нэг юм.

Тайвань энэ оны эхээс өдийг хүртэл Монгол Улсад 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт, 25 мянган ширхэг халдвар хамгааллын болон тусгаарлалтын бүсэд ашиглах хамгаалах хувцас зэрэг эд хэрэгслийг хандивласан юм. Мөн хоёр орны голлох эмнэлгүүд хамтран таван удаагийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Таны сурталчилгаа