Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Энхбат, Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нарт холбогдох, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, хүлээн авсан, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг эсэргүүцэн биед нь халдсан гэх хэргийг уржигдар хэлэлцжээ.

“Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан Э.Энхбатын Хан-Уул дүүргийн нутаг, “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нар өнгөрсөн оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байх үйлдэл дээрээ баригдсан бөгөөд тэд цонхоор эд мөрийн баримтаа шидсэнийг цагдаагийнхан хэргийн газрын үзлэгийн явцад олсон байна

Тэдгээр хүмүүсийг баривчлах үед эсэргүүцэж, автомашинаараа цагдаагийн ажилтныг мөргөн зугтаасан билээ. Э.Энхбатын хувьд өмнө нь өөр хоёр хүний хамт хар тамхи хэрэглэсэн, борлуулсан үндэслэлээр хоёр жил зургаан сар хорих ял шийтгүүлээд суллагдсан юм.

Харин энэ удаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял шийтгэсэн байна.

.

Таны сурталчилгаа