Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус I хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулийн тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталлаа. Богдхан уулын тэнгэрийг ирэх даваа гарагт тайх юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх боломж бүрдүүлсэн шийдвэрийг Тэргүүлэгчид гаргав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтсийн хэсгийн ашиглах боломжгүй, хуучин барилгыг тус цэцэрлэгийн балансад шилжүүллээ. Дээрх хоёр барилгыг өмнө нь нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан байв. Тэргүүлэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа эл хоёр барилгыг жагсаалтаас хасаж, өнөөдөр 167 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлснээр өргөтгөл барих газрын асуудал шийдэгдэж буй юм.
Үргэлжлүүлэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн XXVII хороо болон Налайх дүүргийн VII хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гаргав. Нийтдээ нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий дээрх хоёр барилгыг Турк улсын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд улсын комиссын шийдвэрээр ашиглалтад оруулсныг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцуулсан.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ