Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалын өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв. Б.Махбал нь Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлээд байсан юм. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.