Билгийн тооллын намрын адаг сарын шинийн 22 буюу аргын тооллын арваннэгдүгээр сарын 7-нд Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа вавын дүйчин өдөр.
Энэ өдөр хүн болгон эхийн ачийг санан, ачийг хариулан буян үйлдэх ёстой. Учир юун хэмээвээс Бурхан багш ээжийгээ нас нөхчихөд манай гаригаас гурван үе дээш орших Төгсбаясгалант-Гандангийн буюу 33 тэнгэрийн оронд заларч 90 хоног хойтын буяныг үйлдэж Хайлан хэмээх хурал бясалгалыг гүйцээн эх замбуутивдээ заларч бууж ирсэн. Түүний дурсгалыг мөнхөлж шаттай суварга бүтээсэн түүхтэй.
Оюуны гайхамшиг шидийг үзүүлэн биеэрээ орон зайг туулж болдгийг илт харуулсан. Бурхан багш амьтан болгоныг энэрч эх болсон зургаан зүйлд хуваан сургаал номлолоо нэвтэрхий гүнзгий айлдсан Ганжуурын таван бүлгийн нэгний хураангуй санжид монлам сударт 360 магтаал багтсан байдаг.
Бурхан багшийг тэнгэрээс заларсны дараагаас Санжид монлам (Ерөөлийн хаан) номыг хойтын буянд зориулан уншдаг энэ уламжлалыг Монгол оронд таслалгүй өдийг хүрч ирсэн. Манай нутгийн Егүзөр хутагтын хийд, Хуучид хамбын хүрээнд долоон өдөр шөнө хурдаг байсныг үргэлжлүүлэн гандан хийдийн Дорж гавж лам Г.Даваасамбуу гавьяатан нутагтаа жил болгон хуруулдаг болсон. Мөн Бадма Ёго дацанд хурж байгаа.
Энэ хуралд даган баясаж хүн болгон энэрэн нигүүлсэж бусдыг хайрлан эх мэт хайрлах хэрэгтэй. Буян үйлдэх нь бусад бүх хүн амьтанд тустай өгөөтэй үйл юм. Хүмүүс энэ өдөр Агчаа Эхээ санан дурсаж дуулж магтан буяны цагаан үйлд даган баясаж, зул хүжээ асаан өргөж нүгэлээ нимгэлцгээ! Ингэснээр буян заяа тань улам дэлгэрэх болно.
Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин Хийдийн Хамба Лам Д.ТАЙВАНСАЙХАН