Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан, “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй байна.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Сувилагчийн асуудлаар тодруулга хийе. Сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг шалгаж байна.
Наймдугаар сард Солонгосоос ирсэн, ажилдаа ороод нэг сар болсон. Үнэхээр ажлаа хийж байгаад халдвар авсан уу үгүй юу гэдгийг шалгаж байна. Камерын шалгалт хийсэн.
Түүнчлэн бид Монгол Улсад өмнө нь ковидын халдвар тархаж байсан эсэхийг шалгахаар 6000 хүнд тандалт судалгаа хийхэд өмнө нь байгаагүй гэсэн үр дүн гарсан.
Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй хүүхдийн ор байдаг ба энд 700 орчим хүүхэд эмчлүүлж байна. Томуугийн хүндрэл үүсээгүй байна. Сая гаруй хүнээ томуугийн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байсан ба нийт зорилтот бүлгийнхээ 97 хувийг хамруулаад байна.
Бид ямар хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөгөө 7-р сард гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу явж байна.
Дээр нь иргэд ухамсартай байх ёстой. Зөрчлийн тухай хуулиар худал мэдээлэл тараавал хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Нийгмийн сэтгэлзүй тайван байх ёстой. Худлаа, иргэдийг цочирдуулсан мэдээлэл тарааж болохгүй" гэв.
Шадар сайд Я.Содбаатар "УОК-ын ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн. Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. УОК-ын шуурхай штаб энэ аймгуудад очиж ажилласан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг чиглэлүүд өглөө. Иргэдэд хандаж үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээн, боловсролын байгууллагуудад маск заавал зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байна.
Алтанбулагийн боомтод ЗТХ-ийн сайд Л.Халтар, ЭМ-ийн сайд Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Хүнсний хангамж нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ургац хураалт 95 хувьтай, өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдлээ. УОК-оос ямар нэгэн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй. Дотроо коронавирус тархаагүй.
Сэлэнгэ аймагт нөхцөл байдал амаргүй байна. Яагаад гэвэл хойд хөршид өвчлөл нас баралт огцом нэмэгдсэн. Тийм учраас хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажилласан. Сэлэнгэ аймагт Сүхбаатар болон Алтанбулаг боомт байдаг. Сүхбаатар боомт хэвийн ажиллана. Алтанбулагийн боомтоор нийт импортын 9,2 хувь орж ирж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн харьцангуй бага орж байна. Тиймээс хүндрэл багатайгаар эрсдэлийг бууруулах бодолтой байна.
Сүүлийн өдрүүдэд өдөр болгон ковидын тохиолдол илэрч байна. Тиймээс Алтанбулагт карантины бүс тогтоосон. Орж ирж байгаа жолооч нарыг 72 цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой байгаа ч тэр болгон чадахгүй байна. " гэлээ.