Цаг үеийн мэдээ

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2017 оноос эхлэн “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-ний санхүүжилтээр зорилтот бүлгийн асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, саажилттай хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж буй. 

Тодруулбал, сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 120 гаруй иргэнийг сэргээн засах үйлчилгээнд хамруулсан. Тэгвэл 2020 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан “Ивээл” эмнэлэгтэй хамтран ажиллаж, 40 иргэнийг сэргээн засах үйлчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. 

Энэ хүрээнд одоогоор эхний ээлжинд Ховд аймгийн 10 сумын зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг сэргээн засах 10 хоногийн үйлчилгээнд хамруулж байна. 

Сэргээн засах үйлчилгээний дагуу мэргэжлийн эмч нарын зүгээс орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах замаар сүүн ба тосон бариа, зүү, бумба тавих, хөдөлгөөн засал, цахилгаан эмчилгээ зэрэг 5-6 төрлийн үйлчилгээ үзүүлж буй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй сэргээн засах үйлчилгээ нь энэ оны 11 дүгээр сарын 02-12-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Эмчилгээний хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие, сэтгэл зүйн байдал сайжирч байна гэж зарим эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхэн мэдээллээ.

Түүнчлэн сэргээн засах өдрийн үйлчилгээнд 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэн, ахмад настанг хамруулахаар төлөвлөсөн аж. 

Сэргээн засах үйлчилгээ нь хүний алдагдсан эрүүл мэнд, хөдөлмөрлөж аж төрөх чадварыг сэргээж, нийгмийн болон хувийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд онцоллоо.   

 

Таны сурталчилгаа