НОБГ "Буцалтгүй тусламж аян"-аа үргэлжлүүлж байна. Энэ удаа түүхий нүүрс түлж байгаа эсэхийг илрүүлэх шалгалтаар явж байхдаа тус айлыг олсон байна.
Тодруулбал:
Засгийн газрын 62 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/244 дүгээр тушаалаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11,24,25,40,42 дугаар хорооны гэр хороолол бүхий нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалт явуулахад 42 дугаар хороо 1 дүгээр хэсэг Одонтын 23-154 тоотод оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэй байсан тул Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 2 дугаар салааны алба хаагчид тус эмэгтэйд буцалтгүй тусламж үзүүлэхийг санаачлан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20:00 цагт тус өрх айлд очиж өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан буцалтгүй тусламж үзүүлэн гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсныг гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаны шороог худалдан авч портер автомашинаар тээвэрлэн гэрийг нь хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэсэн.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны ажилтан нар тус өрхөд амьдардаг сургуулийн насны 2 хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх өгсөн.
Тус хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хэлэлцэж цаашид тус өрхийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хандив, тусламжинд хамруулахаар боллоо.