Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/- ийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.
Тус эмнэлэг хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах зорилгоор хүүхдийн тасгийг 2019 онд шинээр төлөвлөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, ЭМЯ, БШУСЯ-ны дэмжлэг, буцалтгүй хандив тусламжаар барьсан юм.
Нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, "УХТЭ 1931 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхдээ насанд хүрэгсэд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэж ажиллаж ирсэн. Өнөөдөр гэхэд хүүхдийн тасгийн хэмжээнд байсан тусламж, үйлчилгээ 50 ортой эмнэлэг болон өргөжиж байна. Эмнэлгийг ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлье. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Баянзүрх дүүрэг төдийгүй зүүн гурван аймгийн хүүхдүүдэд хүрсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж илүү өргөн болж байна. Эмнэлгийг барилгаас гадна иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган 100 хувь хүлээлгэн өгч байна. УХТЭ нь энэ жил БЗД-ийн болон зүүн аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлт гарч байна. Үүний нэг тод жишээ өнөөдрийн ашиглалтад орж буй 50 ортой хүүхдийн эмнэлэг юм" гэдгийг онцлов.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руй, "УХТЭ-ийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулах ажилд хувь нэмэр оруулсандаа баяртай байна. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ, УХТЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байна. Үүнээс гадна коронавируст цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд БНХАУ, Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллагууд харилцан дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллаж байгаад талархаж байна" гэв.
"Хангарьд хөгжлийн төв ТББ-ын төслийн хүрээнд бид хүүхэд, багачуудын төлөө дорвитой ажил хийе хэмээн ярилцаж 2015 оноос эхлэн хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Анх Чингэлтэй дүүргээс эхэлж байсан бол өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүрэгт хүүхдийн эмнэлэг ашиглалтад орууллаа. Энэхүү эмнэлэг бол бидний зургаа дахь төслийн тав дахь эмнэлэг болж байна" гэдгийг БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр тодотгов.
УХТЭ-ийн ерөнхий захирал С.Энхболд, "УХТЭ нь насанд хүрэгсэд төдийгүй хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө ажилласаар ирсэн түүхэн уламжлалтай билээ. Анх 1931 онд Идэвхтний эмнэлэг нэртэй үйл ажиллагаагаа эхэлж, 1965 онд 50 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлсээр яваа цөөн төв эмнэлгүүдийн нэг юм. Энэхүү энэрэнгүй үйлсэд зүтгэж байсан үе үеийн төлөөлөл болсон их эмч Ү.Доржханд, Д.Отгончимэг,Ч.Өлзийбүрэн, сувилагч Ж.Нямцэнгэл, Ж.Чулуунбат нарыг дурдахад таатай байна. 2019 онд ажлаа аваад нэн тэргүүнд хүүхдийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохоор олон эрхэмд хүсэлтээ тавьж байсан. Энэ зорилго, хүсэлтийг найрсгаар хүлээн авч, бидэнтэй хамтран ажилласан БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ-ны буцалтгүй хандив, тусламжаар 2020 оны 5-р сараас барилгын ажил эхэлж, эмнэлгээ ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Эмнэлэг ашиглалтад орсноор, хотын зүүн бүсийн дүүргүүдэд амьдарч буй 150 мянга гаруй хүүхдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах боломжтой болно. Мөн амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээ, товлолын дархлаажуулалт, нярайн эргэлт, хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг тусламж үйлчилгээг цогцоор нь чанартай үзүүлнэ" хэмээв.