Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Засаг даргаар Болдбаатарын Азжаргалыг Монгол Улсын Ерөнхий Сайд баталж, өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Болдбаатарын Азжаргалыг нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол Улсын Ерөнхий Сайдад уламжилсан билээ.

Тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хүлээн авч, Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2, 26.3-т заасныг тус тус үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаар Захирамжаар Болдбаатарын Азжаргалыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байна.

Иймээс өмнөх Засаг даргаар ажиллаж байсан Сундуйжавын Насанбат тамга, тэмдгээ хүлээлгэн өгч, аймаг орон нутгаа улам хөгжүүлэхийг хүсэн ерөөлөө.

Өнөөдөр ажлаа хүлээн авсан аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал хэлэхдээ: “Энэ нэр хүндтэй ажлыг хоёргүй сэтгэлээр хийнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Юуны түрүүнд бид Монгол Улсын Засгийн газрын “Үйл ажиллагааны хөтөлбөр” болон 2020 оны Орон нутгийн сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн “Тогтвортой бодлого-Тогтвортой хөгжил” мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдээс Төрийн болон ТББ-уудаас саналыг хүлээж авсны хүрээнд энэ ондоо багтааж аймгийн Засаг даргын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулна. Хоёрдугаарт, 2021 оны аймгийн төсвийг энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор хэлэлцэж, шинэчлэн батлах зэрэг ажилд ханцуй шамлан орно. Мөн саналаа өгч дэмжсэн бүх хүмүүст, иргэддээ талархсанаа илэрхийлье. Та бүхний төлөө, Дархан хотын ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүгтгэе.” гэлээ.

Таны сурталчилгаа