Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлов. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур. Нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход мөн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарч ажиллах, Энэтхэг-Монгол хамтарсан сургууль байгуулах ажил амжилттай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэлээ.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Гужарат мужийн амбан захирагч байхдаа хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, үлгэр жишээ хөгжил бүхий хотыг бүтээн босгосон. Иймд энэхүү хоттой харилцаа тогтоож, туршлага судлах хүсэлтэй байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар илэрхийлэн, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дэмжиж байгаагаа хэлэв.
Уулзалтын төгсгөлд талууд бүх талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган, том төслийг амжилттай эхлүүлж чадсан шигээ том хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийлэв.