Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Үүнд, 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Монгол Улсын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард баталсан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаагаад байна.

Мөн Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүллээ. “Ковид-19”-ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.

Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно

 Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс,  Боршоо боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хаахаар шийдвэрлэв. Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Таны сурталчилгаа