Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргалаа.

Албаныхны мэдээлснээр “Ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж олон нийтэд үйлчилдэг томоохон худалдааны төв, банк, ресторан, үйлчилгээний төвүүд халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулж амны хаалттай иргэдэд үйлчлэх талаар үүрэг чиглэл хүргүүллээ.

Харин зөрчил гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцохоор болов. Аймгаас Улаанбаатар хотын чиглэлд авто замын хөдөлгөөнийг хориогүй бөгөөд аймгийн бүх шатны сургалтын төв сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм.

Цаашлаад хөдөлгөөнт эргүүлээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд зорчиж буй иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавих, Замын-Үүд-Эрээн хот хоорондын төмөр замын боомтоор тээвэрлэж байгаа ачаа, вагон хүлээлцэгч агент, машинист, ажилтны  хөдөлгөөнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах /Ковид-19/-ийн PCR шинжилгээнд хамруулах, Замын-Үүд боомтод хамгаалалтын бүс байгуулах, өвлийн нөхцөлд ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах шийдвар гаргав.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан даалгаврыг үндэслэн гадны аймгуудын отрын малыг сум орон нутагтаа нэмж оруулахгүй байх талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 11 дүгээр сарын эхний байдлаар Дорноговь аймийн нутагт гадны аймгийн 103 орчим мянган мал өвөлжих тооцоо байна. Гэвч энэ тоо нэмэгдэж магадгүй аж.

Мөн  “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг үргэлжлүүлэх, нийтийн орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-д хариуцуулж ариутгал халдваргүйтгэлийн  ажлыг тогтмолжуулахаар болов.

Таны сурталчилгаа