Зуншлагын байдал муу, бэлчээрийн даац хэтрэлттэй, бэлчээрийн доройтол их болж байгаатай холбогдуулан малын тоо толгойг цөөлж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг Баянхонгор аймаг зохион байгуулж байна. Үүний хүрээнд мал мах борлуулах нөхцөл боломжийг судлан ХХААХҮЯ, Баянхонгор аймгийн Засаг дарга экспортын эрх бүхий компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Ган зудын эрсдэлээс хамгаалах зорилгоор 12 сумын малчдын малыг худалдан авч, төлбөрийн 70 хувийг зээлээр, 30 хувийг бэлнээр олгох нөхцөлтэй компани - сумын Засаг дарга - малчин гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар "Мах Март" ХХК Шинэжинст, Баян–Овоо, Бууцагаан сумаас 20 мянган мал, "Траст трейд" ХХК Баян-Өндөр, Өлзийт, Баацагаан сумаас 10 мянган мал, "Натурал грийн фүүдс" ХХК Баянговь, Жинст, Баянцагаан сумаас 11 мянган мал бэлтгээд байгаа аж.
Мөн стандартын шаардлага хангасан мах бэлтгэлийн компаниудтай хамтран мал, махыг орон нутгийн "Мах март" махны үйлдвэр, "Майхан цахир" ХХК, "Баянжаргант хүнс" ХХК, "Баян хөх бүрд" хоршоо, Улаанбаатар хотын "Натурал грийн фүүдс" ХХК-тай хамтран зориулалтын хөргүүртэй зоорийг түшиглэн Баянхонгор, Бууцагаан суманд эхлүүлж, компани - аймгийн ХХААГ - малчид гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 10 хувийн урьдчилгаа, 90 хувийн зээлийн гэрээгээр нэг малыг 30 мянган төгрөгөөр авч, тус аймагт хээрийн мал нядалгааны ажлыг энэ сарын нэгнээс эхлүүлээд байна. Энэхүү ажил Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Баянхонгор суманд өрнөж байгаа бол цаашид Бууцагаан, Хүрээмарал суманд эхлүүлэхээр бэлтгэл хангажээ.