Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн тухай захирамжийг танилцуулсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3.2, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дараах шийдвэрийг гаргажээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн аж.