Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
"Тир машины жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс илэрсэн.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэнийг ХӨСҮТ-д эмчлэхээр авчирч байгаа.
Сэлэнгэ аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол нь арваннэгдүгээр сарын 6-наас зовиур илэрсэн. Ингээд хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэн нь ачаа тээврийн машины жолооч Д-тэй холбоогүй, ойрын хавьталтай гэж үзэхгүй байна" гэлээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн дэглэмд хөл хорио тогтоохыг хэлж байгаа.
Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабууд байгууллаа. Тусгай чиг үүргийн 5,000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулж байна. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна. 20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа" гэлээ.