Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 11 сарын 13-ны 11:00 цагт ЭМЯ, УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Сэлэнгэ, Дархан, Дорнодын лабораториудад нийт 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан.  Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Монголд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 эдгэрсэн” гэв. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 бүс нутагт коронавирусийн халдвар гарсан. Дэлхийн дахинд коронавирусийн цар тахал эрчтэй тарж байна. Мөн ОХУ болон түүнтэй муж улсууд, манай улстай хил залгаа газруудад халдвар эрчтэй нэмэгдэж байна. Манай орны хувьд гадаад, дотоодын өндөр эрсдэлтэй ангилалд багтаж, хүн болгон эрсдэлтэй болоод байна. Иймд хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Иргэд та бүхэн бидний өгсөн заавар зөвлөмжийг сайтар дагаж байж энэхүү цар тахлаас сэргийлж чадна” гэлээ.

Таны сурталчилгаа