Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр цахим уулзалт зохион байгууллаа. Тус цахим уулзалтаар тухайн аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээл тулгарч байгааг сонсжээ. Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ямар байр сууриа илэрхийлснийг танилцуулж байна.
“Терра энержи” ХХК О.Оюумаа: -Ковид-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтлын нэг хүн Шивээхүрэн боомтын орчимд байсан мэдээллээс үүдэлтэй тус бүс нутагт хөл хорио тогтоосон. “Терра энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Харин тэсэлгээний бодисын хангамж багасч байгаатай холбоотойгоор үйл ажиллагаа доголдох магадлал үүсээд байна. Түүнчлэн Ковид-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтлын байж болзошгүй гурван ажилтан манай компанид ажиллаж байсныг тусгаарлаад байгаа бөгөөд эхний шинжилгээгээр халдвар сөрөг гарсан.
“Энержи ресурс” ХХК Ц.Баасандорж: -Компанийн хувьд өчигдөр буюу энэ сарын 12-нд уурхайн ажилчдын ээлжийг солих хуваарьтай байсан. Гэвч Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэргарсантай холбоотойгоор хөл хорионд ороод байна.
“Энержи ресурс”ХХК Ц.Түвшинбаяр: -Гашуунсухайт боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 700 орчим болж буурсан. Өнөөгийн байдлаар хилийн бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа манай компанийн 50 жолооч байна. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсний ачилт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн уурхайн гадна тээврийн хэрэгслийн 23 км орчим цуваа үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-ийн уурхайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нар 6-14 цаг орчим дугаарлаж байж ачилтын талбай болон амрах байрандаа ирж байгаа хүндрэл гарч байна. Үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Гашуунсухайт авто зам” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д уламжилж шийдвэрлэхийг хүсье.
“Хүрэнтолгой майнинг” ХХК И.Наянтай: -Шивээхүрэн боомт орчимд сэжигтэй байж болзошгүй нэг иргэн байсантай холбоотойгоор БНХАУ-ын хилийн Сэхээ боомтын нэвтрүүлэх чадвар буурч, нүүрсний экспортын хэмжээ багасах хандлага байна. Манай компанийн хувьд өвлийн дизель түлшний нөөц багассан нь хүндрэл үүсгэхээр байна.
“Тавантолгой” ХК Ж.Доржсүрэн: -“Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд нүүрсний гадаад, дотоод борлуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэлтэй Цогтцэций сумаас тус компанийн уурхайд ажилладаг 40 ажилтан хөл хорионд орсон. “Тавантолгой” ХК-ийн дотоодод борлуулах нүүрсний хэмжээ одоогийн байдлаар 351 тонн орчим байна. Нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл дотоодод борлуулах нүүрсний нөөц багасахаар байна. Мөн хөл хорио тогтоосноос үүдэлтэй хяналтын постууд аймгийн хэмжээнд гарч, тэсрэх бодисын тээвэр зогссон нь хүндрэлийг үүсгэж байна.
“Саусгоби сэндс” ХХК: -Манай компанийн хувьд оны эхнээс өссөн дүнгээр 2.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Шивээхүрэн боомт орчимд сэжигтэй байж болзошгүй нэг иргэн байсантай холбоотойгоор БНХАУ-ын хилийн Сэхээ боомтын нэвтрүүлэх чадвар буурч, нүүрсний экспортын хэмжээ багасах хандлага байна. Мөн сэлбэг, материал, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээврийг хорьсонтой холбоотойгоор уурхайн үйл ажиллагаа доголдож болзошгүй байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК: -Ковид-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтлын хүн Дархан-Уул аймгийн нутгаар дайрч гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэлтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртолгойн уурхайн үйл ажиллагаа зогссон. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн нутаг дахь Төмөртэйн уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртолгойн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа.
“Мон-Энко” ХХК П.Өлзийнаран: -Манай компанийн нийт ажилчдын 70 хувь нь уурхайд ажилладаг бөгөөд уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн онцгой нөхцөл байдалд шилжин ажиллаж байна. Энэ хүрээнд хилээр нэвтрэх богинын тээвэр гүйцэтгэж байгаа жолооч нарын бүхээгийг лацдах ажлыг гүйцэтгэж байна. Үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлд сэлбэг, материал, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээврийг хорьсныг дурдаж болно. Үүнтэй холбоотойгоор уурхайн үйл ажиллагаа доголдож болзошгүй байна.
“Монголын Алт (МАК)” ХХК Г.Цогт: -Аж ахуйн нэгж байгууллагууд үүсээд байгаа хүндрэлийн талаар хангалттай танилцууллаа. Дээр нь нэмж хэлэхэд Нарийнсухайтын бүлэг орд орчимд Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа тухай мэдээлэл байна. Цар тахлаас үүдэлтэй тулгарч байгаа хүндрэлтэй зэрэгцэн Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгааг зогсоох арга хэмжээг авах хүсэлттэй байна.
“Оюутолгой” ХХК Т.Мөнхбат: -Оюутолгойн уурхайд халдвартай хүнтэй хавьталд орсон байж болзошгүй зургаан хүнийг тусгаарлаад байна. Одоогийн байдлаар Оюутолгойн уурхайд 6300 хүн ажиллаж байгаа бөгөөд найм хоногийн хүнсний нөөцтэй байна.
“Си Өү Эй Эл” ХХК Ж.Мөнхбат: -Манай компанийн хувьд хүндрэлтэй дараах асуудлууд байгаагаас үүдэлтэй уурхайн үйл ажиллагаа доголдохоор байна. Тухайлбал, сэлбэг материал, хүнс, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, ажилчдын ээлж солилцох зэрэг асуудал орно.
“Говийн шандаст хүлэг” ХХК: -Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэргарсантай холбоотойгоор тогтоосон хөл хорионоос үүдэлтэй ээлжийн ажилчдыг солилцох асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
“Шарын гол” ХХК: -Өнөөгийн байдлаар олборлосон бэлэн нүүрсний нөөц 280 мянган тонн байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон нүүрсний борлуулалтын үнэ бага буюу хангалтгүй байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
“Шинь шинь” ХХК: -Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэргарсантай холбоотойгоор Эрээнцавын боомтыг хаасан мэдээлэл байна. Тус боомтыг хаасан тохиолдолд “Шинь шинь” ХХК-ийн борлуулалтаа зогсоохоор байгааг анхааралдаа авахыг та бүхнээс хүсье.
“Өсөх зоос” ХХК: -Манай компанийн хувьд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа уурхайн ажилчдын ээлжийг солих асуудал хүндрэлтэй байна. Бидний хувьд ээлж солилцох ажилчдыг PCR шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж ойлгож байгаа бөгөөд шинжилгээг хэрхэн хаана хийлгэх асуудлыг тодруулах шаардлагатай байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дээрх аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлт, тулгарч буй асуудлуудыг Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахаа мэдэгджээ.