Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтаа эрчимжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Ингэхдээ НМХГ-ын 24 цагийн шуурхай штаб удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлсэн санал гомдолд хариулт, зөвлөгөө зөвлөмж өгөх зэрэг чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Гүний хяналтад Алтанбулаг боомтоос шилжин ирсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл ариутгал хийх, тийр автомашины жолооч нарт эрүүл мэндийн тандалт судалгаа явуулж байна. Одоогоор жолоочийн эрүүл мэндийн тандалтаар сэжигтэй тохиолдол байхгүй, мөн лабораторийн шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүнээс эерэг сорьц илрээгүй байна.
НМХГ-ын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байгаа билээ. Энэ хүрээнд үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна.
Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг нийт 3617 аж ахуйн нэгж байгууллага цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг биелүүлж буй байдалд хяналт тавьж байна. Мөн тусгаарлах байруудын халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмд хяналт шалгалт хийж байгаа аж.
Иймд иргэн бүрийг халдвараас урьдчилан сэргийлж, хувийн ариун цэврийг сахих амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг НМХЕГ-аас уриалж байна.