ЭМЯ, УОК, ЦЕГ-аас 17:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдварын хоёр шинэ тохиолдол батлагдлаа. Тээврийн жолоочийн 4 настай хүү, 10-р сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс COVID-19 илэрлээ. Эхний шинжилгээгээр сөрөг гарч байгаа ч хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр эерэг гарч байгаа учраас эрт тайвширч болохгүй. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 414 боллоо. Тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн бол өнөөдөр дөрвөн настай хүү нь коронавирусийн халдвар авсныг шинжилгээгээр тогтоолоо. Нэг настай бага хүүхэд нь ХӨСҮТ-д ээжийнхээ хамт байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн зөвлөсөн халдвар хамгааллын дэглэм баримтлан асарч байгаа юм. Холбогдох байгууллагуудаас өгсөн үүрэг, даалгаварыг сайтар дагаж мөрдөхийг ард иргэдээсээ хүсч байна" гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Юуны өмнө гэртээ байгаа, үүргээ хүлээж байгаа иргэддээ баярлалаа. Цахим орчинд цагдаагийн алба хаагчид хувийн машинаар явуулахгүй, нийтийн тээврээр зорч гэсэн шаардлагыг тавьж байна гэх ташаа мэдээлэл хүрсэн. Ийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Иргэн та шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлнэ үү" гэв.