Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар :

Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангана 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид: - Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх

- Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг  хүнсээр хангах 

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах

- Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх

- Галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тэрээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа