Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/худалдааны төв болон эмийн сангуудад зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх шаардлага хүргүүлж буй. Хэрэв үнээ нэмсэн зөрчил гаргасан тохиолдолд иргэнийг хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн анхааруулга хүргүүлжээ. Энэ дагуу худалдааны төв, эмийн сан, хүнсний дэлгүүрүүдэд үе шаттайгаар хяналт тавьж эхэлсэн билээ. Тэгвэл ШӨХТГ-ын өчигдрийн /2020.11.12/ хяналт, шалгалтаар "Магнай трейд" ХХК нь түлшний борлуулалтдаа зохиомлоор хязгаарлалт хийсэн нь тогтоогдсон тул 20.000.000 сая төгрөгөөр торгосон байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд бензин, дизель түлшний нөөц хангалттай бий гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Дашрамд дурдахад, энэ сарын 11-нд ШӨХТГ-аас хүнсний зах, худалдааны төвүүдэд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шалгалт явуулж, арга хэмжээ авсан байна. Тодруулбал, “Хүчит шонхор” захад килограмм нь 6500 төгрөгийн үнэтэй махыг 8500 төгрөгөөр борлуулж байсан зөрчлийг арилгуулжээ. ШӨХТГ-аас нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оруулахгүй байгаатай холбоотойгоор тус захын худалдаачид "Орон нутгаас мах нийлүүлээгүй" гэсэн худал тайлбар өгсөн байна. Мөн “Таван эрдэнэ” захад махны үнийг зохиомлоор нэмсэн зөрчил гарчээ. Иймд зөрчил гаргасан хоёр аж ахуйн нэгжид тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.